“Номин Холдинг” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт хандив өглөө.



Өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал болох байгаль орчны өөрчлөлтийг бууруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагаанд “Номин Холдинг” ХХК идэвхи санаачлагатай оролцон нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.

Сүүлийн 10 жилийн байдлаар манай улсын хэмжээнд нийтдээ 17041 гал түймэр гарсан бөгөөд 502 хүн гал түймрийн улмаас амь насаа алджээ. Жилд дунджаар 1704 галтай холбоотой хэрэг зөрчил гарч 50 хүн нас барж, 28 хүн түлэгдэл бэртэл авдаг гэсэн тооцоо байна. Нийт гарч буй гал түймрийн 25,2% нь иргэдийн орон байранд гардаг бөгөөд орон байрны галд өртөгсдийн 78% нь нас бардаг аж. Хамгийн эмгэнэлтэй нь гал түймэрт өртөж амь насаа алдсан хүмүүсийн талаас илүү хувь нь буюу 57% нь хүүхдүүд байдаг ба 3-6 насныхан илүү ихээр галд өртдөг байна.

Иймээс Номингийн хамт олон гэнэтийн осол, байгалийн гамшиг зэрэгт бэлэн байх үүднээс холбогдох байгууллагуудад шаардлагатай хандив болгон 1 өдрийн борлуулалтын орлогын тодорхой хувийг Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын дарга Хурандаа Н.Уламбаяр, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарт тус тус гардуулан өглөө.

Энэ нь цаг үеэ олсон, зөв газраа хүрсэн тусламж боллоо.