“Номин Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Шагдарсүрэнгийн Баярсайханыг “Монгол Улсын Худалдааны Гавьяат” ажилтан цол тэмдэгээр шагналаа



Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсны 815, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад Худалдааны Салбар үүсч хөгжсний 100 жилийн ойг тохиолдуулан, Сар шинийн баярыг угтаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Худалдааны салбарт олон жил үр бүтээлтэй, төр, түмэндээ хөдөлмөрлөж, олон мянган хүнийг ажлын байраар хангаж, шинэ стандарт жишиг тогтоон баялаг бүтээж буй их үйлсийг өндрөөр үнэлэн “Номин Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Шагдарсүрэнгийн Баярсайханыг “Монгол Улсын Худалдааны Гавьяат” ажилтан цол тэмдэгээр шагналаа. Ш.Баярсайхан нь 1992 онд “Номин Холдинг” ХХК-ийг үүсгэн байгуулж цахилгаан барааны импортоос эхлээд, Монгол улсад үйлчилгээний салбарт шинэ хэлбэр болох өөртөө үйлчлэх супермаркет, электрон болон хүнсний барааны төрөлжсөн дэлгүүрийн сүлжээ, хөнгөлөлтийн карт, барилгын материалын хайпермаркет, онлайн худалдаа, хямд үнийн баталгаа, брэндийн хөгжил зэрэг олон шинэ үйлчилгээг анх удаа нэвтрүүлсэн гээд түүнийг Монголчуудын ахуйн хэрэглээний соёлд шинэ хувьсгалыг хийж дэвшилтэт технологийг нэвтрүүлэх суурийг үндэслэгч хэмээн хэлж болох юм. Өнөөдөр “Номин Холдинг” ХХК худалдаа үйлчилгээ, импорт дистрибьюшн, банк санхүү, үйлдвэрлэл, технологийн чиглэлээр 26 компани, салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй Үндэсний манлай групп компани болон өргөжин тэлсэн билээ. Хөдөлмөрийн зах зээлд 6000 ажлын байрыг бий болгож, Монгол улс орон даяар 62 сүлжээ дэлгүүрээр, сард 1.5 сая хэрэглэгчдэд үйлчилж байна. Дотоодын 10,000 харилцагч, гадаадын 70 гаруй улсын томоохон брэндүүдтэй түншилдэг. Жилд улсын төсөвт 60гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийгтөвлөрүүлдэг нь хэрэглэгч түншээ эрхэмлэн дээдэлж, зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхлэн, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн хөгжингүй, манлайлагч компани болох эрхэм зорилгыг өмнөө тавьж ажилладаг Ш.Баярсайханы ажилч хичээнгүй байдал, чадварлаг удирдлага, нөр их хөдөлмөрийн үр шим юм. Ш.Баярсайхан нь улсын эдийн засаг, татвар, бизнесийн орчныг хөгжих таатай болгох зорилгоор худалдааны татварыг шинэчлэх санал гаргаж манлайлан хэрэгжүүлсэн нь өнөөдөр НӨАТ-н урамшуулал болж улсын татварын бааз суурийг тэлж иргэдийн төлдөг татварын хувь хэмжээг бууруулсан юм. Мөн Худалдаа үйлчилгээний салбарыг үр ашигтай загварчлан, монгол улс орон даяар хүртээмжтэйгээр хөгжүүлсний үр дүнд Монгол улсын иргэн бүртөргөн хэрэглээний чанартай барааг хямдаар нийлүүлж байна. Түүнчлэн цар тахлын нөхцөл байдалд ч ард иргэдийн бараа хангамжийг тасалдуулахгүй чанартай найдвартай хүргэх үйлчилгээг нэр төртэй гүйцэтгэж байна. Номин Холдинг Компанийн нийт хамт олон, харилцагч түншүүд болон үйлчлүүлэгчдийн нэрийн өмнөөс Төрийн дээд шагнал цол тэмдгээр шагнагдсан явдалд баяр хүргэж улс эх орондоо улам илүү ихийг бүтээн байгуулахыг хүсэн ерөөе.