ЯЛГААГҮЙ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ, УРАМ ЗОРИГ /2- р хэсэг/



Номинчууд бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж заримдаа биднээс ч илүү их хүсэл тэмүүлэл, урам зоригийг бадраан ажил, амьдралдаа амжилттай яваа ажилчдынхаа тухай бичлээ. Тэд хөгжлийн бэрхшээлтэй биш, биднээс багахан л ялгаатай. Энэхүү нийтлэлийг бичихдээ агуу сэтгэл зүрхийг мэдэрч жирийн биш хүсэл тэмүүллийг олж харсан билээ. 

Би энгийн хүнтэй адилхан ажиллаж чадаж байна гэдэг нь миний бахарахал юм

Та юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байна уу? Намайг Даш овогтой Дэлгэрцэцэг гэдэг. 1986 оны 4 сарын 2-нд Улаанбаатар хотод төрсөн. Улаанбаатарын уугуул иргэн. Арван жилийн сургуулиа Нийслэлийн 15-р дунд сургуулийг төгссөн. 2004 онд Их Засаг Их сургуулийг нягтлан бодогч чиглэлээр төгссөн.

Номинд ажилд орсон түүхээсээ бидэнтэй хуваалцана уу? Таны ажлын сайхан тал юу вэ?

Хамгийн анх би өөрийгөө Хөдөлмөрийн биржд бүртгүүлээд Номинд анкет бөглөөд 2014 оны 7 сард 16-нд Хүний нөөцөөс намайг дуудаад ярилцлаганд ороод ажилдаа орсон. Худалдан авагчтай шууд харьцаж кассан дээр гарч байгаа хэрэглэгчийн саналыг хүлээн авдаг. Хэрэглэгчид тулгарч асуудлыг шийдвэрлэж удирдлагууддаа дамжуулан өгдөг.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Хамт ажилладаг хүмүүсээсээ урам зориг авдаг. Манайд камер хянагч, орлогын шалган, дэлгүүрийн касс, зохион байгуулагч гээд олон хүмүүс ажилладаг. Энэ том байгууллагын нэг хэсэг хамт олон болон ажиллаж бүх зүйлийг хамтдаа хийж бүтээж байна. Надад дэлгүүрийн касс, зохион байгуулагч маань маш сайн зөвлөгөө өгч тусалдаг.

Та өөрийн гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?

Манайх 4 хүүхэдтэй айл. Би нэг эгчтэй, хоёр дүүтэй айлын дундах охин. Одоо бол би гэр бүл болж тусдаа гараагүй ээжтээйгээ хамт амьдарч байгаа.

Таны бахархал юу вэ?

Би энгийн хүмүүсээс өөр хөгжлийн бэрхшээлтэй. Ажил дээр намайг ажиллаж байх үед намайг хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг надад мэдрүүлэхгүйгээр яг л бусадтай адил энгийн хүн шиг хүлээж авдаг. Би энгийн хүнтэй адилхан ажиллаж чадаж байна гэдэг нь миний бахарахал юм. 

Таны ирээдүйн зорилго мөрөөдөл чинь юу вэ?

Би нягтлан бодогчоороо ажиллана гэж бодож байгаа. Сайхан амьдралын төлөө л хүмүүс ажиллаж амьдардаг шүү дээ. Номиндоо удаан ажиллахыг бодож байна. Би сая хоёр сарын чөлөө аваад явсан. Эргээд ажилдаа ороход маш гоё хүлээж авсан. Энэ бол маш том давуу тал. Номиндоо удаан ажиллаж албан тушаалаа ахиулаад явна даа. Олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэхэд өөрийн багахан ч гэсэн оролцоотой  ажиллахыг мөрөөдөж явдаг. 

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Ажлынханаасаа хамгийн сайхан зөвлөгөөнүүдийг авдаг. Сая манай ажлынхан намайг эмчилгээнд яваад ирэхийг  дэмжиж яваад ирэхийг зөвлөж байсан. Ажлынхан маань хамгийн сайхан зөвлөгөөнүүдийг өгдөг. Манай хамт олон нээлттэй, ямар нэгэн асуудал гарвал шууд л хэлдэг. Гэр бүл шиг байдаг. Харуул хамгаалалтын албаныхан, дарга нар маань намайг хүлээн зөвшөөрч харилцан ойлголцож ажилладаг.

Та хамт олондоо талархаж явдаг хэлэхийг хүссэн зүйлээ хэлнэ үү?

Харуул Хамгаалалтын албаны бүх ажилчиддаа баярлаж явдаг шүү. Намайг ойлгож, дэмжиж, миний дэвшүүлсэн саналыг хүлээн авч сонсдогт нь баярлалаа. Сая гадаадад байх хугацаанд фэйсбүүкээр холбогдоод хэзээ ирэхийн хэзээ ажилдаа орох юм бэ? гээд ажлын найзууд маань асууж байсан. Би үнэхээр их санасан. /нулимс цийлэгнэв/ Ажилдаа гялс ороё гээд гүйгээд ирсэн. Дарга нартаа, ажлынхаа бүх хүмүүст дахин баярлалаа.

Аав, ээж маань ажлыг үнэнч сэтгэлээсээ хийгээрэй гэж үргэлж захидаг.

Та юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу? 

Намайг Доржсэмбэ овогтой Данзандорж гэдэг Төв аймгийн Эрдэнэ-Сант суманд 1989 онд төрж өссөн. 29 дүгээр сургуульд 1998 онд элсэн орж 2008 онд төгсөөд Монголын Үндэсний Дээд Сургуульд Компьютер программ хангамжын чиглэлээр суралцаж 2012 онд сургуулиа төгссөн.

Номинд ажилд орсон түүхээсээ бидэнтэй хуваалцана уу? Таны ажлын сайхан тал юу вэ?

Ээж, аав маань намайг сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ дагуу ажилд ороорой гэж зөвлөж байсан. Даанч мэргэжлийн дагуу ажил олдоогүй. Би 2015 оны 6 сарын 24-с Номин Дистрибьюшнд ачигчаар ажиллаж байгаад 2018 онд сэрээт ачигч машины жолоочоор дэвшин одоог хүртэл ажиллаж байна. Ажлын сайхан тал нь хамт олонтойгоо хамтарч ажиллахад таатай байдаг.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Намайг бүх талаар дэмждэг ажлынхнаасаа болон спортын тэмцээнд оролцох үедээ урам зориг, эрч хүчийг авдаг. Би сагсан бөмбөг тоглох дуртай.

Та өөрийн гэр бүлийнхээ тухай ярихгүй юу? 

Аав, ээж дүүтэйгээ амьдардаг. Аав маань хөдөө мал малладаг. Ээж маань асаргаанд орж эмчилгээ хийлгүүлж байгаа. Дүү маань төмөр замын эмнэлэгт сувилахуйн эмчээр ажилладаг.

Таны бахархал юу вэ?

Миний бахархал аав ээж маань бас ажлаа сайн хийжээ гэж хүн бүхэн хэлэх үед өөрөөрөө бахархдаг.

Таны ирээдүйн зорилго мөрөөдөл чинь юу вэ? 

Энэ компанидаа мэргэжлээрээ ажиллаж гэр бүлтэй болно гэж мөрөөдөж явдаг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Гэр бүлтэйгээ байгаа, аав ээждээ тусалж байгаа мөчүүд хамгийн сайхан нь байдаг. Аав, ээж маань ажлыг үнэнч сэтгэлээсээ хийгээрэй гэж үргэлж захидаг.

Та хамт олондоо талархаж явдаг хэлэхийг хүссэн зүйлээ хэлнэ үү?

Ажлын хамт олондоо бүгдэд нь надад тусалж дэмждэгт нь талархаж байна. Та нартайгаа хамт ажиллаж байгаадаа баяртай байна.

Номин Холдинг ХХК-ийн бахархал болсон ажилчиддаа баярлалаа. 


Сэтгэгдэл