МАСТЕР БОРЛУУЛАГЧ 2018 УРАЛДААНЫ 7 ДУГААР САРЫН ЯЛАГЧ М.Солонго



Овог нэр: М.Солонго

Ажилласан жил: 5 жил

Номинд ажилд орсон түүх

2013 оны өвөл анх ажилд орж байлаа. 2012 онд Англиас ирээд ажил хайж байсан юм. МСS, Номин гэсэн том хоёр байгууллагаас ажлын санал ирсэн. Яагаад ч юм Номингоор байнга үйлчлүүлдэг болоод ч тэр үү Номинг сонгосон. Гэхдээ удаан хүлээж байж бараг 2 сарын дараа ажилд орсон. /инээв/

Өмнө нь өөр салбарт ажиллаж байсан уу?

Англид 4 жил сурсан. Бизнесийн харилцаа чиглэлээр Манчестер хотод сурч байхдаа warehouse-д худалдааны төлөөлөгчөөр 2 жил ажилласан.

Мастер борлуулагч болно гэж бодож байв уу? Ялагч болсноо мэдээд төрсөн сэтгэгдэл?

Би заавал болно гэж зорилго тавиад хичээж ажилласан. Баг хамт олон маань ч их дэмжсэн. 7 сард үнэхээр өндөр төлөвлөгөөтэй маш их хичээж шаргуу ажилласан. Хүмүүс амарч наадаж байхад бид аагим халуунд ч, ширүүн аадар бороотой, шороо тоостой үед ч Хүй долоон худаг дээр 8 хоног үүрийн 05:00 цагаас шөнийн 12:00 хүртэл ажиллаж байсан.

Тэр өглөө ажлаасаа 2 цагийн чөлөө авсан байсан, хүүгээ Гачууртад хүргэж өгөхөөр явсан байсан л даа. Гэтэл захирал залгаад 10:00 гээд хурдан хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд иртэл, сайхан мэдээтэй хүний нөөц рүү яваад очоорой гэв. Ингээд л сайхан мэдээгээ сонссон доо. Хамгийн гоё нь нөхөр маань хоолонд оруулах гээд бас ирсэн байсан. Уг нь бараг ажил дээр маань ирдэггүй хүн шүү дээ. Тэгээд шагналын эзэн болжээ гэхэд эхэндээ итгэж өгөхгүй байсан.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

Нөхөр маань маш их баярласан. Миний арын албыг бат найдвартай даадаг хүн шүү дээ. Шагналын эзэн болсноо мэдээд яагаад ч юм мэдэхгүй ганцаараа байхдаа ч, гэртээ очоод ч баярласандаа маш их уйлсан. Маш гоё мэдрэмж байсан.

Өмнө нь Номингоос зохион байгуулж байсан өөр тэмцээн уралдаанд түрүүлж байсан уу?

25 саятны нэг болж байсан.

Борлуулалт хийдэг өөрийн арга туршлагаасаа хуваалцана уу?

2017 оны Даатгалын холбооны шинэ жилээр шилдэг борлуулагч болж байсан. Би гэдэг хүн цаг мөч бүрт даатгалаар амьсгалж байна даа. Надтай байнга түншилж ажилладаг хүмүүс байдаг. Олон жил хамтарч ажиллаад ирэхээр харилцагчид маань маш их нээлттэй болж, зарим нь бүүр дотно найз нөхөд, ах эгч дүүс шиг харилцаатай болчихсон байдаг.

Бусад борлуулагч, худалдагч нарт өгөх зөвлөгөө

Хүн өөрөө тууштай байх хэрэгтэй, өндөр төлөвлөгөө сонсоод зарим залуучууд шантраад байх шиг харагддаг. Тэр хэцүү хугацааг л давчих юм бол цаашдаа үр өгөөжөө өгнө. Даатгал бол хүний амьдралын ямар ч үед ус агаар мэт хэрэгтэй зүйл.

Таны ажлын сайхан тал нь юу вэ?

Маш гоё хүмүүстэй уулзаж мэдээлэл солилцдог.

Таны ажлын хүнд хэцүү тал нь юу вэ?

Гэр бүлдээ цаг бага зарцуулдаг нь хэцүү. Хүн бүхэнд гэнэтийн зүйл тохиолддог тэр бүхэнд бид нар хамт байх ёстой болдог.

Салбарын хамт олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Удирдлагууд болон хамт ажиллаж байгаа залуустаа маш их баярлалаа Ирэх 2019 ондоо улам их амжилтыг бүтээцгээе.

Сэтгэгдэл