МАСТЕР БОРЛУУЛАГЧ 2018 УРАЛДААНЫ 7 ДУГААР САРЫН ЯЛАГЧ Я.ЦЭРЭН-ОТГОН



Овог нэр: Я.Цэрэн-Отгон

Ажилласан жил: 10

Номинд ажилд орсон түүх

2008 онд ажилд орсон. Манай хүргэн ах Номинд ажилладаг байсан. Би тэр үед харуул хамгаалалтын ажил хийдэг байсан. Анх Номинд харуул хамгаалалтын албаны хувцастай ажилд орж байснаа мартдаггүй. Номин Агуулахад хаягийн түгээгчээр 2011 он хүртэл 3 жил ажилласан, УИД-т борлуулагчаар орох гэтэл орон тоо байгаагүй дахин нэг жил ачигч, дараа нь 2 жил борлуулагч хийсэн. Драгон салбар нээгдэхэд тийшээ шилжиж 2018.04 сар хүртэл борлуулагч хийж байгаад одоо Өнөр Хороололын салбарт ажиллаж байна.

Өмнө нь өөр салбарт ажиллаж байсан уу?

Харуул хамгаалалт, оёдол гээд янз бүрийн ажил хийж байлаа.

Мастер борлуулагч болно гэж бодож байв уу? Ялагч болсноо мэдээд төрсөн сэтгэгдэл?

Анх л “мастер борлуулагч” уралдаан зарлагдсан тухай мэдээг сонсонгуутаа заавал эхний сардаа болно доо гэж зориод энэ уралдааны шилдэг 5-ын нэг болж чадлаа. Энэ мэдээг Хүний нөөцөөс ярьж дуулгасан.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

Эхнэр хүүхдүүддээ дуулгахад бөөн баяр болсон. Хүүхэд маань сонсоод гэр бүлээр нь явуулахгүй юмуу гэж асуусан /инээв/

Өмнө нь Номингоос зохион байгуулж байсан өөр тэмцээн уралдаанд түрүүлж байсан уу?

25 саятан уралдааны эхний сарын ялагч болсон, мөн шилдэг борлуулагч, сарын шилдэг борлуулагч гээд олон уралдаанаас шагнал авч байлаа. Энэ бүх уралдаанд амжилттай оролцоход худалдан авагч бүрийн маань оролцоо байгаа. Хэрвээ худалдан авагч байхгүй бол надад ямар ч худалдаа хийх боломж байхгүй шүү дээ.  

Борлуулалт хийдэг өөрийн арга, туршлагаасаа хуваалцана уу?

Танд 21 аймагт түнш, харилцагч байгаа юу? 21 аймагт түнштэй болсон. Ихэнх нь электрон бараа зарж борлуулдаг харилцагч нар байдаг, мөн Өнөр Хороололд ирснээс хойш хивс зардаг болсноор Нарантуул зах болон бусад захуудад хивс борлуулдаг харилцагчтай болсон.

Байнгын харилцагчийг хэрхэн олж, тогтоон барьж байна вэ?

Харилцагчийг олж болдог, харин байнгын түнш болгох нь хэцүү. Борлуулалт хийхийн тулд юуны өмнө өөрийн борлуулж буй бараа бүтээгдэхүүнээ гарын таван хуруу шигээ сайн мэддэг болох хэрэгтэй. Би үйлчлүүлэгч бүхэнтэй зөв харилцахыг хичээж ажилладаг. Ямар ч үед харилцагчийн итгэлийг алдахгүй байх нь чухал. Харилцагчийн авч байгаа бараа бүтээгдэхүүнд нэг л доголдол, сэтгэлд нь сэвтэй зүйл гарвал харилцагч дахин үйлчлүүлэхгүй байх магадлалтай. Тийм болохоор би борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн бүрээ өөрийн биеэр сайтар шалган, цэвэрлэж боож баглаад харилцагч нартаа өгдөг. Ялангуяа орон нутгийн харилцагч нарынхаа барааг сайн шалгаж, найдвартай савлаж боогоод орон нутаг руу нь өгч явуулдаг.

Бусад борлуулагч, худалдагч нарт өгөх зөвлөгөө

Өөрийн борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний талаар худлаа ярихгүй, бараа бүртэй өөрийн мэт харьцаж, цэвэрхэн савлаж боох хэрэгтэй. Шинэ борлуулагч нарыг ажиглаад байхад шалгаж цэвэрлэлгүй шууд савлаад багласан болоод л өгчихдөг. Тэр нь харилцагчийн сэтгэл ханамжийг бууруулах шалтгаан болдог.

Таны ажлын сайхан тал нь юу вэ?

Номин хичээн ажиллаж байгаа хүнийг үнэлж чаддаг. Олон жил ажиллах тусам үр өгөөжөө өгдөг тийм л сайхан газар.

Таны ажлын хүнд хэцүү тал нь юу вэ?

Шантрах тохиолдол гардаг байсан. Анх ажилд ороод 15,000 төгрөгний цалин авч байлаа. Гэхдээ шантраагүй. 15,000 төгрөг ч гэсэн мөнгө шүү дээ гэж бодоод дараагийн удаа цалингаа нугалж авна даа гээд л улам хичээж эхэлсэн.

Салбарын хамт олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Үргэлж ажилтнуудаа дэмжиж ажилладаг Номиндоо баярлалаа, мөн хамт ажиллаж байсан, үргэлж тусалж дэмждэг нийт ажилтнууддаа маш их баярлалаа.

 


Сэтгэгдэл