Компанийн нийгмийн хариуцлага

Бид компанийн нийгмийн хариуцлагын асуудалд хандахдаа үйлчлүүлэгчид, харилцагчид, ажилчид, нийгэм, байгаль орчинд нөлөөлөлж буй байдал нь эерэг байх ёстой, түүнчлэн урт хугацаанд тогтвортой хөгжихөд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах чиглэлийг баримталдаг.

  • Номин Холдинг ХХК нь чанарын удирдлагын тогтолцооны 3 стандартыг амжилттай баталгаажууллаа:

“Номин Холдинг” ХХК нь 2017 онд олон улсын нэгдсэн удирдлагын тогтолцооны гурван стандартыг зэрэг амжилттай нэвтрүүлсэн анхны компани болсон билээ. Ийнхүү нэвтрүүлсэн стандартыг жил бүр баталгаажуулах шаардлагатай бөгөөд 2018.05.23 өдөр олон улсын аудитын SGS компаний шилдэг аудиторууд ирж, бидний үйл ажиллагааг үнэллээ. Аудитын дүгнэлтээр Номин Холдинг ХХК нь өнгөрсөн 1 жилийн хугацаанд дээрх стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, мөрдөж ажилласан болохыг баталгаажууллаа.

Энэхүү стандартуудыг нэвтрүүлэх үндсэн зорилго нь хэрэглэгч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ажилчдыг аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй байдлаар явуулах тасралтгүй үйл явц юм.

Бид ISO 9001 стандартыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд жил бүр хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг хэмжиж, сайжруулах үйл ажиллагааг цаг алдалгүй хэрэгжүүлж байна.

ISO 14001 стандартыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг гаргасан. Үүнд:

  • Эрчим хүчний хэрэглээг бууруулах
  • Цэвэр, бохир усны хаягдлыг багасгах
  • Хатуу хог хаягдлын хэмжээг бууруулах
  • Уурын зуухны хэрэглээг бууруулах
  • Дулааны хэрэглээг бууруулахаар 3 жилээр хүрэх зорилтот түвшинг тодорхойлон газар, нэгж, салбарын түвшинд буулгасан.

OHSAS 18001 стандартыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд ажлын байрны эрсдэлийн үнэлгээний журмын дагуу Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн идэвхтэй үйл ажиллагааг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхээр зохицуулалт хийсэн.

  • Номин Холдинг ХХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр:

“Номин Холдинг” ХХК нь олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, жил бүр 200-500 ажлын байр шинээр бий болгож, их дээд сургуульд суралцаж буй оюутан, шинэ төгсөгчдийг үндсэн болон цагийн ажлын байраар ханган оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн, оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Номин тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа. Тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн улсын их сургуулийн 3,4-р курсын оюутан бүрт нээлттэй бөгөөд тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад:

  • 2018-2019 оны хичээлийн жилд сар бүр 200,000 (Хоёр зуун мянга) төгрөгийн тэтгэлэг олгох
  • Танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх
  • Төгсөөд ажлын байраар хангагдах
  • Нийгмийн сайн сайхны төлөөх олон нийтийн ажилд оролцох, бүтээн байгуулалтанд оролцох эрхийг олгосон юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын журмын дагуу 2018.09.10- 09.25 өдрийг дуустал 400 гаруй материал ирсэнээс 1-р шатанд сурлагын голч дүн, мэргэжилийн чиглэлийн тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон байдал, “Монгол улсын худалдааны салбарын ирээдүйн чиг хандлага” сэдэвт эссэ бичлэг зэргийг харгалзан шилдэг 25 оюутныг шалгарууллаа.

Харин 2-р шатанд шалгарсан шилдэг оролцогчид илтгэх болон багаар ажиллах даалгавар гүйцэтгэж, “Би хэн бэ” сэдэвт илтгэлээр өөрийн бусдаас ялгарах давуу тал, хүсэл мөрөөдөл, ирээдүйн зорилго зэргээ бүтээлч байдлаар илэрхийлсэн юм.

Мөн Номин Холдинг ХХК-ийн төслийн менежерүүдтэй хамтран сонгогдсон сэдвийн хүрээнд төслийн баг бүрдүүлэн шинэлэг санаа, судалгаанд суурилсан төслүүдээ танилцууллаа.

Оюун ухаан, авхаалж самбаа сорьсон даалгавруудын нийлбэр дүнгээр Номин Тэтгэлэгт 10 оюутан шалгарч, өргөмжлөл, эрхийн бичгээ гардан авлаа.

  • HR UPDATE SUMMIT чуулга уулзалт:

Бид компанийн засаглалыг сайжруулах зорилгоор удирдах түвшний 150 гаруй ажилтнуудад зориулсан “HR UPDATE SIMMIT” 2019 арга хэмжээг “Дижитал шилжилт” уриатайгаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгээр орчин үеийн хүний нөөцийн удирдлагын чиг хандлага, шинэ үеийн ажиллах хүчинтэй хэрхэн хамтран ажиллах зэрэг олон сургалт мэдээллийг хүргэхийн зэрэгцээ байгал орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, дижитал шилжилтийг хэрхэн хийх, ингэснээр бүтээмжийг хэрхэн өсгөх талаарх саналыг хамтран хэлэлцэн хөгжлийн гарцаа тодорхойлж, чуулганаас гарах санал, зөвлөмж, шийдвэрийг хамтдаа хэрэгжүүлэх болсон билээ.

  • “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” сайн үйлсийн аян 3 дах жилдээ

Уламжлал болгон хэрэгжүүлдэг арга хэмжээ болох “Номин Холдинг” ХХК-ийн нийт салбар нэгжүүдийн дунд “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй" сайн үйлсийн аян "Бид туслах сэтгэл, хайрлах зүрхтэй" уриан дор 2018 оны 04 дүгээр сарын 19-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү аян нь нийгэмд эерэг хандлага бий болгож, нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм хайрлах, мөн хүүхэд залуучуудад бие биедээ тусалж дэмжиж, зөвхөн эд материалын бус чин сэтгэлийн сайхан үгс, урам зоригийн өглөгийг өдөр бүр түгээж үүнийгээ дадал зуршил болгоосой гэсэн зорилготой юм. Аяны хүрээнд “Номин Холдинг” ХХК-ийн 32 салбарын хамт Батсүмбэрийн асрамжийн газрын 150 гаруй буурайд сэтгэлийн бэлгээ хандивлан үр хүүхдээ санагалзан, өнчрөл хагацлын зовлонд шаналж буй буурайнуудтай нэгэг өдөр үр хүүхэд нь болж тэдэнтэй хамт өнгөрөөлөө.

Аяны хүрээнд нийт ажилтнуудын сэтгэлийн хандив болсон 6 сая гаруй төгрөгийг болон тэдэнд зориулан хандивласан хувцас, хэрэглэл болон бусад зүйлсийг хандивласан. Бид цаашид энэхүү арга хэмжээг улам өргөжүүлэн нийгмийн эмзэг бүлэг болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тусламж хэрэгтэй байгаа бүлэгт туслах зорилготой Номин Холдинг ХХК-ийн дэргэдэх “САЙН ҮЙЛСИЙН САН”-г бий болгохоор төлөвлөөд байна.

  • “Хонхтой бөмбөгийн холбоо”-ны шигшээ багийн тамирчдыг дэмжиж ажиллалаа

Харааны бэрхшээлтэй иргэдийн “Хонхтой бөмбөг” спортыг тэр бүр хүмүүс мэддэггүй. Гэвч энэхүү спорт нь харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд хамгийн чухалд тооцогддог спорт юм. Монголын хонхтой бөмбөгийн холбоо нь 2012 онд үүсгэн байгуулагдаж, уг спортоор харааны бэрхшээлтэй хүүхэд залуусыг хичээллүүлж, бие бялдрыг нь чийрэгжүүлэн хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхийн зэрэгцээ баг тамирчдаа олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж ирсэн байна.

2018 оны “Хонхтой бөмбөг”-ийн Азын аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Хангжоу хотод болох бөгөөд уг тэмцээнд манай улсын шигшээ баг оролцож байгаа билээ. Шигшээ багийн тамирчдад НОМИН ХОЛДИНГ” ХХК-ийн хамт олон 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Мөн цаашдаа “НОМИН ХОЛДИНГ” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд тамирчдыг цагийн ажлаар хангах хэлбэрээр дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Шигшээ багийн тамирчид чухал үед бодитой дэмжлэг үзүүлсэн “Номин Холдинг” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдаа олон байгууллага, хувь хүмүүс энэ спортыг ойлгож дэмжих эхлэл болж байгаад баяртай байлаа.

  • “АВЬЯАСЛАГ НОМИНЧУУД-2018 ” урлагийн наадам​

Номин Холдинг ХХК-ны салбар нэгж, нийт ажилтнуудын дунд 2 жил тутам  уламжлал болгон зохион байгуулагддаг урлагийн наадам “Авьяаслаг Номинчууд-2018” нэрийн дор 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус наадмын зорилго нь “Номин холдинг ХХК”-ийн нийт ажилтнуудын чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадвар нээн илрүүлэх, хөгжүүлэх, ажилтнуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд энэхүү наадамд нийт ажилтнууд хамрагдаж 9 баг хамт олон авьяас чадвараа сорилоо.